
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн батлагдлаа.
Зах зээл дэх төрийн оролцоог бууруулж, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулан, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх хүрээнд эрх зүйн орчныг боловсронгуй болгох хуулийн төслийг шинэчлэн боловсруулж, УИХ-н төсөв дагалдуулан өргөн барьсаныг өнөөдөр УИХ-н нэгдсэн чуулганаар хэлэлцэж эцэслэн батлав.

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал хуулийн төслийг танилцуулахдаа, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар түншлэлийн төсөл санаачлахаас эхлээд түншлэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах хүртэл нийт 8 үе шатыг дамжиж, хамгийн багадаа 12-13 сарын хугацаа шаардагдаж байгаагаас гадна хүн амын тоо, улсын төсвөөс татаас авдаг байдлаас шалтгаалан зарим аймгуудад түншлэлийн төсөл хэрэгжүүлэх боломжийг хуулиар хязгаарлаж, төрийн байгууллага хоорондын зөвшөөрөл олгох процесс хэт олон шат дамжлага, зөвшөөрөл авч байгаа нь түншлэлээр төсөл хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байгааг онцолсон.
Иймд, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн процесс ажиллагааг хялбарчлах, түншлэлийн хүрээг тэлж нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээнээс гадна хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн зорилго, зорилтод нийцсэн төсөл, хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, орон нутгийн түвшинд түншлэлийн төслийг бие даан хэрэгжүүлэх боломжоор тэгш хангах нөхцөл энэ хуулиар бүрдэж байна.

Өөрөөр хэлбэл, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж байгаа төслүүдийг нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний төсөл гэж хоёр бүлэгт хуваадаг. Нийтийн зориулалттай дэд бүтцийн бүх төсөлд ТЭЗҮ шаарддаг зохицуулалт хэвээрээ мөрдөгдөнө. Харин төрийн үйлчилгээний буюу түншлэлээр хэрэгжүүлэх төрийн үйлчилгээний зарим төсөлд ТЭЗҮ шаардах нь хувийн хэвшлийн түншлэгчдэд дарамт үүсгэх, хугацаа удах нөхцөл болж байгаа учраас бусад шинжилгээг хийснээр ТЭЗҮ шаардахгүй байхаар хуулийн зохицуулалт хийлээ.