Төр, хувийн хэвшлийн түншлэл-2026 форумд 300 орчим төлөөлөгчид оролцож байна

Төр, хувийн хэвшлийн түншлэл-2026 форумд 300 орчим төлөөлөгчид оролцож байна

ТүгээхShare共有する공유하기

“Төр, хувийн хэвшлийн түншлэл – Хөрөнгө оруулалтын боломж” 7 хоногийн арга хэмжээний хүрээнд “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум – 2026” өнөөдөр /2026.04.24/ зохион байгуулагдаж байна. Форумд төр, хувийн хэвшлийн түншлэлийн 300 орчим төлөөлөгчид оролцож байна.

Эдийн засаг, хөгжлийн яам Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв, Азийн хөгжлийн банк, АНУ-ын Худалдааны яамны Арилжааны эрх зүйг дэмжих хөтөлбөр болон Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим хамтран зохион байгуулж байгаа форумыг нээж, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн үг хэллээ.

Тэрбээр “Энэ удаагийн арга хэмжээ нь “Төр, хувийн хэвшлийн түншлэл – хөрөнгө оруулалтыг боломж” сэдвийн хүрээнд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд 4 хоногийн турш тус тусын сэдвүүдээр зохион байгуулагдан үргэлжилж, өнөөдөр нэгдсэн форумаа зохион байгуулж байгаа нь өнгөрсөн жилийн форумаас онцлог болж байгааг дурдаад “Төр, хувийн хэвшлийн түншлэл бол зөвхөн төсөл хэрэгжүүлэх арга хэрэгсэл биш, харин манай улсын эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх гол хөшүүрэг юм. Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг эдийн засгийн гол хөдөлгөгч хүч гэж үзэж, тэднийг дэмжих бодлогоо тууштай үргэлжлүүлэх болно. Өнөөдрийн форум нь бидний зорилго нэг, замын зураглал тодорхой байгааг харуулж байгаа бөгөөд та бүхний санал санаачилга, харилцан итгэлцэл дээр суурилсан бодит хамтын ажиллагааны эхлэл болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль, эрх зүйн орчин, институцын тогтолцооны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хэрэгжих боломжтой төслүүдийг хувийн хэвшил болон хөрөнгө оруулагчдад танилцуулах, олон улсын санхүүгийн байгууллагуудын туршлага, санхүүжилтийн механизмыг танилцуулах, туршлага хуваалцах зорилготой уг форумын үеэр дээрх чиглэлээр хэд хэдэн илтгэл танилцуулагдаж, хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

Тодруулбал, ТХХТ-ийн бодлого, эрх зүйн орчны шинэчлэл, Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага ба түншлэл, түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн танилцуулга, Олон улсын туршлага, санхүүжилтийн боломж сэдвүүдээр илтгэлүүд танилцуулагдсан бол  Түншлэлийн төслүүдийг нээлттэй болгох, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, эрсдэлийн зохицуулалтын асуудал,  Хөгжлийн саад бэрхшээлийг даван туулах практик шийдэл, холимог санхүүжилт, дотоод болон гадаадын банкуудын оролцоо, Төслийн менежмент, хууль, санхүүгийн зөвлөх үйлчилгээний компаниудыг төслүүдэд татан оролцуулах нь зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Мөн форумын үеэр, “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны буудлын менежмент” төслийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, Олон улсын санхүүгийн корпорац болон ТХХТ-ийн төвийн хамтын ажиллагааны санамж бичиг, Орон нутгийн ЗДТГ-тй хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болно.

“Төр, хувийн хэвшлийн түншлэл–2026” форум нь төрийн бодлого, хувийн хэвшлийн оролцоо, олон улсын санхүүжилтийн эх үүсвэрийг нэг дор төвлөрүүлсэн, түншлэлийн төслүүдийг бодит хэрэгжилтэд шилжүүлэхэд чиглэсэн стратегийн арга хэмжээ бөгөөд  Монгол Улсад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээний чанарыг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.