
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны /2025.10.14/ хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн хоёр төсөл, УИХ-ын хоёр тогтоолын төслийн талаар танилцуулсан юм.
Тэрбээр, айл өрх, иргэдийн татварын ачааллыг бууруулж бодит орлогыг нь хамгаалах, орлогын тэгш бус байдлыг бууруулах, бизнесийн идэвхжилийг дэмжих, татварын хамрагдалтыг сайжруулах, далд эдийн засгийг бууруулах зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан болохыг танилцууллаа. Хуулийн төсөл батлагдсанаар нийт иргэдийн 75 хүртэлх хувь нь нэмэгдсэн өртгийн албан татвараас 50-100 хувь хөнгөлөгдөх юм.

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн процесс ажиллагааг багасгах, түншлэлийн хүрээг тэлж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн зорилго, зорилтод нийцсэн төсөл хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, орон нутгийн түвшинд түншлэлийн төслийг бие даан хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулж Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар төсөвт үзүүлэх ачааллыг бууруулах чухал ач холбогдолтой юм хэмээн танилцуулав.
Хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар төр, хувийн хэвшлийн түншлэлийг ямар чиглэлээр өргөтгөх талаар тодруулж, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, орон нутгийн үнэт цаас гаргах асуудлыг уялдуулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Эдийн засаг, хөгжлийн яамны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т.Баясгалан, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд түншлэлийн төсөлд тавигдах шаардлагыг хуульчилсан байдгийг дурдаад, уг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичиг бүсчилсэн хөгжлийн бодлого болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн байх шаардлагыг түншлэлийн төсөлд хамгийн эхний нийтлэг шаардлага болгон тавьж байгаа. Тийм учраас 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан төслүүд, мөн Монгол Улсын 2025, 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд туссан, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих санхүүгийн эх үүсвэргүй болсон төслүүдийг урьдчилсан үнэлгээ шинжилгээ хийж, түншлэлээр хэрэгжүүлэхэд оновчтой гэж үзвэл Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн дагуу хэрэгжүүлээд явах боломжтой гэсэн агуулгаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслийг боловсруулсан. Дээрх хуулийн 13.2-т зааснаар нийслэл болон 12 аймагт түншлэлийн төсөл хэрэгжүүлэх эрх нь байгаа. Гэхдээ нийслэл болон улсын төсвөөс сүүлийн 3 жил дараалан санхүүгийн дэмжлэг аваагүй, эсхүл 100 000, түүнээс дээш хүн амтай аймаг тодорхой салбарт түншлэлийн төслийг хэрэгжүүлж болно гэж заасан байгааг өөрчилж, 21 аймаг нь нийслэлтэй адил Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан зургаан салбарт богино хугацаатай болон 100 тэрбум төгрөгөөс доош дүнтэй төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой байхаар эрх зүйн зохицуулалтыг нээж өгөх юм гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Батбаяр, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай болон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд оруулах өөрчлөлт бизнес эрхлэгчид болон худалдан авагч иргэдэд шууд нөлөөлнө. Хуулийн төсөлд тусгаснаар 2026 онд сая хүртэл төгрөгийн худалдан авалтын НӨАТ-ын 50 хувийг буцааж олгож, саяас дээш бол 20 хувийг буцаан олгохоор тусгасан байна. 2027 онд 500 хүртэл мянган төгрөгийн худалдан авалтын НӨАТ-ыг 100 хувь буцааж олгохоор төлөвлөсөн байна. Худалдан авалтуудыг бүртгэх судалгаа хийгдсэн эсэхийг, хэрхэн бүртгэх талаар тодруулав. Мөн хуулийн төсөл батлагдан, хэрэгжсэнээр ирэх онуудад иргэдэд очих урамшуулал нэмэгдэх эсэх, бизнесийн байгууллагуудад үзүүлэх дарамтын талаар судалгаа хийсэн эсэхийг лавлалаа.

2024 онд 1.4 сая иргэн НӨАТ-ын буцаан олголтын хөнгөлөлт эдэлсэн хэмээх баримтыг Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн хариултынхаа эхэнд дурдав. Нийт иргэдийн 25 хувь буюу 372 мянган иргэн нийт худалдан авалтын 75 хувь буюу 14.7 их наяд төгрөгийн худалдан авалтыг хийжээ. 1.1 сая иргэн буюу нийт иргэдийн 75 хувь нь нийт худалдан авалтын 25 хувь буюу 5.2 их наяд төгрөгийн худалдан авалт хийжээ. Худалдан авалтын хөнгөлөлтөөс хамаараад нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгохоор тусгасан байна. Энэ хөнгөлөлтөд нийт иргэдийн 75 орчим хувь нь ирэх онд хамрагдана. 2027 оноос бол 500 мянган төгрөгийн хүртэлх худалдан авалтын НӨАТ-ыг бүрэн буцааж өгөхөд нийт иргэдийн 51 хувь хамрагдах тооцоо гарсан. Өөрөөр хэлбэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчлэл хэрэгжсэн тохиолдолд 500 мянга хүртэлх төгрөгийн худалдан авалт хийж, И-баримтын систем дээр бүртгэгддэг буюу нийт иргэдийн 51 орчим хувь нь НӨАТ-ын ачаалалгүй болно гэсэн тооцоолол байгаа гэсэн хариулт өгөв. Мөн тэрбээр татварын шинэчлэлийн туйлын зорилго бол НӨАТ-ын хамрагдалтыг 90 орчим хувьд хүргэх бөгөөд цахим төлбөрийн баримтыг төлбөр хийгдсэн тохиолдолд автоматаар бүртгэгддэг болгож, аж ахуйн нэгжүүд хоорондын гүйлгээ автоматаар И-баримтын систем рүү шилждэг болгоно хэмээсэн. Ингэснээр 100 орчим тэрбум төгрөгөөр орлого нэмэгдүүлэх зорилтыг татварын байгууллагын түвшинд тавьсан хэмээн нэмж хариулсан.
УИХ-ын гишүүд асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Эх сурвалж: https://www.parliament.mn/