Байдрагийн 30 МВт-ын усан цахилгаан станцын төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулна

Байдрагийн 30 МВт-ын усан цахилгаан станцын төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулна

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Эдийн засаг, хөгжлийн яам, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв ТӨААТҮГ-аас “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль”-ийн хүрээнд “Байдрагийн 30 МВт-ын усан цахилгаан станцын төсөл”-ийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна. 

Төслийг зураг төсөл боловсруулах, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд төслийн төсөвт өртөг 53.3 сая ам.доллар. Төслийн нийт хугацаа 29.4 жил байхаар тооцсон. Үүнээс барилга угсралтын үе шат 4.4 жил буюу 53 сар, ашиглалтын хугацаа 25 жил байна.

  • Сонгон шалгаруулалтад оролцогчдод тавих шаардлага

Сонгон шалгаруулалтад Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, тэдгээрийн нэгдэл оролцох боломжтой. Оролцогч нь төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадавхтайгаас гадна техник, технологийн шаардлагыг хангаж, сүүлийн долоон жилд ижил төстэй нэгээс доошгүй төсөл хэрэгжүүлсэн туршлагатай байна.

Хувийн хэвшлийн түншлэгч нь төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэр, бүтцийг тодорхойлж, санхүүжилтийн төлөвлөгөө болон санхүүгийн загварыг сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагын дагуу боловсруулж ирүүлнэ.

Төслийг хэрэгжүүлэхэд холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэр болон түншлэлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу газар эзэмших, ашиглах эрхээр хангах, төрийн үйлчилгээ авах нөхцөл бүрдүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг ашиглах эрх олгох, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх зэрэг төрийн дэмжлэг үзүүлж болно. Мөн хууль тогтоомжид заасан бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлэх боломжтой.

Засгийн газрын баталгаа шаардлагатай тохиолдолд түүний хэлбэр, хамрах хүрээ, нөхцөлийг холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэр болон түншлэлийн гэрээний дагуу тодорхойлно.

  • Сонгон шалгаруулалтын хугацаа, материал хүлээн авах

Сонгон шалгаруулалтыг нэг үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд төслийн саналыг 2026 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн 15:00 цагаас өмнө хүлээн авна. Сонгон шалгаруулалтын баримт бичгийн үнэ 500,000 төгрөг бөгөөд буцаан олгохгүй нөхцөлтэй. Оролцох хүсэлтээ албан бичгээр ирүүлж, төлбөр төлсөн баримтаа бүрдүүлсэн этгээд баримт бичгийг цаасан хэлбэрээр авна.

Баримт бичиг авах хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж, 38 дугаар байр, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ.

Хариуцах ажилтан: Төсөл хөгжүүлэлтийн газрын дарга Ц.Цэнгэл
Утас: 99190359
Цахим шуудан: Tsengel.ts@pppc.gov.mn