Төр, хувийн хэвшлийн түншлэлийн олон улсын ахисан түвшний сургалт эхэллээ

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн олон улсын ахисан түвшний сургалт эхэллээ

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Эдийн засаг, хөгжлийн яам Азийн хөгжлийн банктай хамтран зохион байгуулж буй Төр, хувийн хэвшлийн түншлэлийн олон улсын ахисан түвшний сертификат олгох сургалт 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдөр эхэллээ.

Сургалтын нээлтийн үйл ажиллагааг Эдийн засаг, хөгжлийн яамны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т.Баясгалан нээж, Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Мартино Пелли мэндчилгээ дэвшүүлэв.

Нээлтийн үеэр улсын төсвийн хязгаарлагдмал нөхцөлд томоохон дэд бүтцийн төслүүдийг үр ашигтай, ил тод хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл чухал ач холбогдолтойг онцолж, түншлэлийн төслийг амжилттай хэрэгжүүлэх мэргэжлийн хүний нөөцийг бэхжүүлэх нь сургалтын гол зорилго болохыг тэмдэглэлээ. Мөн сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж буй Азийн хөгжлийн банк болон сургагч багш нарт талархал илэрхийлэв.

Тус сургалтыг гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өмнөх сургалтуудад хамрагдсан 60 гаруй албан хаагч APMG-ийн олон улсын гэрчилгээ авч, төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг санаачлах, бэлтгэх, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ажиллаж байна.

Энэ удаагийн ахисан түвшний сургалтад төрийн болон орон нутгийн байгууллагын 31 албан хаагч хамрагдаж, төслийн хүрээ тодорхойлох, урьдчилсан үнэлгээ хийх, эрсдэлийг хуваарилах, гэрээний бүтэц боловсруулах зэрэг түншлэлийн төслийн үндсэн үе шатыг практикт суурилан гүнзгийрүүлэн судална.

Сургалт 6 хоног үргэлжилж, оролцогчид албан ёсны онлайн шалгалтад хамрагдсанаар өндөрлөх юм.