

АНУ-ын Худалдааны яамны Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөр (Commercial Law Development Program-CLDP)-ийн дэмжлэгтэйгээр 2026 оны 9 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гарын авлагын төслийг эцэслэн боловсруулах зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
Зөвлөлдөх уулзалтад Эдийн засаг, хөгжлийн яам, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ, “Улаанбаатар түншлэл төв” ХХК болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцов.
Уулзалтын хүрээнд Монгол Улсад Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор төслийг бэлтгэх, үнэлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагааг олон улсын сайн туршлагад нийцүүлэн нэг мөр хэрэгжүүлэх гарын авлагын төслийг эцэслэн хэлэлцэж, оролцогч талуудын саналыг нэгтгэн тусгалаа. Мөн төрийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх явцад ашиглах практик аргачлалыг боловсронгуй болгох асуудлаар санал солилцов.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гарын авлагын төслийг боловсруулах ажлын хүрээнд төрийн байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөллөөс үе шаттайгаар санал, зөвлөмж авч ажилласан бөгөөд энэхүү зөвлөлдөх уулзалтаар төслийг эцэслэн боловсруулж, цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн оролцогч талууд болон хөрөнгө оруулагчдын практик хэрэглээнд ашиглахад бэлэн болж байна.
