ТХХТ-ийн төвийн албан хаагчид төслийн удирдлагын сургалтад хамрагдаж байна

ТХХТ-ийн төвийн албан хаагчид төслийн удирдлагын сургалтад хамрагдаж байна

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр ажиллаж буй албан хаагчдын төслийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх сургалт 2026 оны есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Эдийн засаг, хөгжлийн яам, Пи Эм Ай Монголиа Чаптэр хамтран Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр зохион байгуулж буй тус сургалтад “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ-ын албан хаагчид, Эдийн засаг, хөгжлийн яам, “Улаанбаатар түншлэл” ХХК болон 21 аймгийн ЗДТГ-ын түншлэлийн асуудал хариуцсан нийт 40 гаруй албан хаагч хамрагдаж байна.

Сургалтаар төслийн засаглал, хамрах хүрээ, хугацаа, зардал, нөөц, оролцогч талууд, эрсдэлийн удирдлага зэрэг үндсэн чиглэлийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалын дагуу бодит жишээ, кейс судалгаа, багийн дасгал, хэлэлцүүлэгтэй хослуулан судалж байна.

Сургалтыг нээж Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү энэ удаагийн сургалт нь өнгөрсөн зургадугаар сард 21 аймгийг хамруулан зохион байгуулсан түншлэлийн эрх зүйн орчин, журмын сургалтын үргэлжлэл бөгөөд олж авсан мэдлэгээ төсөл хэрэгжүүлэх практикт ашиглах арга хэрэгслээр хангахад чиглэж байгааг онцлов.