

Эдийн засаг, хөгжлийн яам, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ, “Улаанбаатар Түншлэл Төв” ХХК хамтран Говийн бүсийн төрийн албан хаагчдын төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх сургалтыг Өмнөговь аймагт зохион байгууллаа.
Сургалтад Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны газар, Төслийн нэгдсэн удирдлагын газрын албан хаагчид оролцож, төр, хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн орчин, төслийн санал боловсруулах аргачлал, урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ хийх үе шат, төсвийн эрсдэлийн үнэлгээ зэрэг сэдвээр мэдээлэл авч, орон нутагт хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Энэ удаагийн сургалтын онцлог нь Өмнөговь аймаг төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх институцийн тогтолцоог орон нутагтаа бүрдүүлж, бодит хэрэгжилтийг эхлүүлсэн явдал байв.
Тодруулбал, 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын 210 дугаар тогтоолоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг орон нутагт хэрэгжүүлэхтэй холбоотой журмууд батлагдсан. Энэ хүрээнд Өмнөговь аймаг хөгжлийн бодлогын баримт бичгүүддээ төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдээ тусгаж, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий “Өмнөговь аймгийн Төслийн нэгдсэн удирдлагын газар” ОНТҮГ-ыг байгуулан ажиллаж байна.

Тус газар нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийт 20 төслийг хэрэгжүүлэхээр урьдчилсан үнэлгээ, суурь судалгааг үе шаттайгаар эхлүүлэн, төслүүдийг эрэмбэлэх, үнэлэх, хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр ажиллаж байгаа аж.
Оролцогчид Өмнөговь аймгийн энэхүү туршлага нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэхэд төслийн бэлтгэл ажил, үнэлгээ, институцийн зохион байгуулалт ямар чухал болохыг харуулсан бодит жишээ болж байгааг онцолж байлаа.






