

Эдийн засаг, хөгжлийн яам, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ, “Улаанбаатар түншлэл төв” ХХК хамтран “Орон нутагт төр, хувийн хэвшлийн түншлэлийн чадавхыг бэхжүүлэх” сургалтыг өнөөдөр /2026.06.22/ хойд бүсийн Дархан-Уул аймагт амжилттай зохион байгууллаа.
Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан тус сургалтад Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, түншлэлийн асуудал хариуцсан албан хаагчид оролцов.

Сургалтын хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх ерөнхий ойлголт, олон улсын туршлага, бодлого, хууль эрх зүйн орчны шинэчлэлийн талаар мэдээлэл өгч, түншлэлийн төслийн санал боловсруулах, урьдчилсан үнэлгээ болон бүрэн шинжилгээ хийх аргачлал, төсөл сонгон шалгаруулах болон гэрээ байгуулах үе шатны талаар танилцууллаа.
Мөн оролцогчдод түншлэлийн төслийн төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийн тооцоолол, төлбөрийн үүрэг, баталгааны зохицуулалтын талаар мэдээлэл өгч, бодит кейс дээр ажиллуулах замаар практик мэдлэг олголоо.
.jpg)
Орон нутгийн төрийн албан хаагчдын төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, төсөл санаачлах, бэлтгэх, хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэгдэж буй тус сургалт тун удахгүй говийн бүсэд зохион байгуулагдана.



