"Орон нутагт төр, хувийн хэвшлийн түншлэлийн чадавхыг бэхжүүлэх сургалт" Зүүн бүсэд үргэлжилж байна

"Орон нутагт төр, хувийн хэвшлийн түншлэлийн чадавхыг бэхжүүлэх сургалт" Зүүн бүсэд үргэлжилж байна

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын аймгийн Засаг дарга нартай байгуулсан “2026 онд хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд “Орон нутагт төр, хувийн хэвшлийн түншлэлийн чадавхыг бэхжүүлэх” сургалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа билээ. 

Эдийн засаг, хөгжлийн яам, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ, “Улаанбаатар түншлэл төв” ХХК хамтран Азийн хөгжлийн банкны (АХБ) дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй уг сургалт өнөөдөр зүүн бүс болох Сүхбаатар аймагт үргэлжилж байна.

Сургалтыг нээж “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ-ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Алтай үг хэлсэн бол Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын төлөөлөл төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийн олон улсын туршлага, хэрэгжилтийн үр дүнгийн талаар танилцуулга хийв. 

Мөн Эдийн засаг, хөгжлийн яам, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ болон “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн төлөөлөл түншлэлийн төслийг боловсруулах, хэрэгжүүлэх үйл явц, төслийн урьдчилсан үнэлгээ болон бүрэн шинжилгээ хийх аргачлалын талаар бодит жишээ, кейсүүдэд тулгуурлан мэдээлэл өгч, оролцогчдын асуултад хариуллаа.

Сургалтад Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, түншлэлийн асуудал хариуцсан 30 гаруй албан хаагч оролцож байна.

Тус сургалт нь орон нутгийн төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг чанартай бэлтгэх, хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байгаа юм.