
.png)
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв ТӨААТҮГ-ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Алтай өнөөдөр /2026.06.18/ Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Зах зээлийн хөгжүүлэлт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын захирал С.Шах, тус газрын мэргэжилтэн Ф.Вила Планас болон Б.Батзаяа нартай уулзав.
Уулзалтын эхэнд Х.Алтай Азийн хөгжлийн банк нь Монгол Улсад ТХХТ-ийн чадавхийг бэхжүүлэх, түншлэлийн төслүүдийг хөгжүүлэх чиглэлээр техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлж, идэвхтэй хамтран ажиллаж ирснийг онцлоод хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах боломжийн талаар санал солилцов.
Тухайлбал, Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөнд туссан түншлэлийн төслүүдэд хувийн хэвшлийн санхүүжилт татан оруулах болон хэлцлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар тодрууллаа.
АХБ-ны төлөөлөл ТХХТ-ийн чиглэлээр байгууллагын чадавхийг бэхжүүлэх, мэдлэг, туршлага солилцох, сургалт зохион байгуулах зэрэг бусад чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Азийн хөгжлийн банк нь Засгийн газраас санаачилсан, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулагдсан төслүүдийг дэмжих бодлого баримталдаг. Тиймээс төслийн бэлтгэл үе шатаас эхлэн хэрэгжилт хүртэлх бүх шатанд хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв.
Цаашид талууд ТХХТ-ийн бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, төсөл бэлтгэл болон санхүүжилтийн механизмийг боловсронгуй болгох, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тохиролцлоо.