

ЖАЙКА – Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын хэрэгжүүлж буй “Улсын хөрөнгө оруулалтыг зохистой удирдах замаар болзошгүй өр төлбөрийн эрсдэлийн менежментийн чадавх бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Монгол Улсын Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам болон “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ-ын төлөөлөгчид Тайланд Улсад ажлын уулзалт, туршлага судалгааны арга хэмжээнд оролцож байна.

Арга хэмжээний үеэр Тайланд Улсад авто зам, хурдны зам, төмөр зам, хотын нийтийн тээвэр, өндөр хурдны галт тэрэг, боомт, нисэх буудлын дэд бүтцийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн механизмаар хэрэгжүүлж буй бодит туршлагатай танилцахаас гадна төслийн санхүүжилтийн бүтэц, эрсдэлийн хуваарилалт, институцийн зохион байгуулалт болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах бодлогын арга хэрэгслийн талаар мэдээлэл авч, харилцан санал солилцлоо.
Тус арга хэмжээ нь Монгол Улсад төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлийн төслийн бэлтгэл, хэрэгжилтийг сайжруулах, болзошгүй өр төлбөрийн эрсдэлийг удирдах институцийн чадавхыг бэхжүүлэх, төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах бодит боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


